Монголын Эвангелийн Эвслийн Товч Түүх

Монголын Эвангелийн Эвслийн (МЭЭ) анхны суурь 1992-1993 оны үеэс эхлэлтэй билээ. Тухайн үед байсан илгээлтийн байгууллагууд болон нутгийн чуулгануудын хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс жил бүр Олон улсын Интэрдэв (Interdev)  хамтын ажиллагааны баг, Монголын чуулгануудын удирдагч нарын хамтын уулзалтаас МЭЭ-ийн анх байгуулагдах суурь тавигдаж,  хараа өгөгдсөн.
1996 оны намар монгол чуулганы хэсэг ахлагч, пасторууд Христийн Монгол чуулганы хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс Монголын Сайн Мэдээний Холбоо байгуулан, улмаар бусад Монгол чуулганы ахлагчид нэгдсэнээр нэг жилийн дараа буюу 1997 оны 11-р сарын 12-ны өдөр Монголын Эвангелийн Эвсэлийн үүсгэн байгуулагчдын хурлыг хийж, 1997 оны 11-р сарын 30-ны өдөр анхны бүх гишүүдийн хурлыг нийт 32 чуулган, байгууллагын төлөөлөлтэй хийсэн. 1999 оны 12 сарын 24-ны өдөр Хууль Зүйн Яамнаас Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээ гардан авсан юм.
Монголын Эвангелийн Эвсэл нь эрүүл иргэн, эрүүл гэр бүлээр уламжлан эрүүл нийгмийг цогцлоохын тулд эх орны хөгжлийн төлөөх эрхэмлэсэн, бүтээн байгуулалтаараа амжилт дүүрэн байгууллага, хамт олон, бат бэх гэр бүл, авилгагүй, шударга төр засаг, хүн хүнээ хайрлахын ухааныг дээдэлсэн хувь хүнээс үүдээд сахилга хариуцлагаа ухамсарласан шинэ үеийг төлөвшүүлэн тогтноохын төлөө гишүүн чуулган байгууллагуудтай хамтран үйлчилж байна.
Өнөөдрийн байдлаар МЭЭ-ийн гишүүнээр Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 625 нутгийн чуулганууд, 40 гаруй  ОУБ, болон ТББ-ууд, “Нэг Эзэн, нэг итгэл, нэг сүнсэн дотор нэгдмэл байхыг бид эрхэм болгоно” гэсэн эв нэгдлийн төлөөх энэхүү уриан дор Христийн Монгол Чуулганы биеийн эв нэгдэл, хамтын ажиллагааны төлөө хамтран зүтгэж байна.
Монголын Эвангелийн Эвсэл нь Дэлхийн Эвангелийн Эвсэл болон Азийн Эвангелийн Эвсэлийн гишүүн бөгөөд дээрх байгууллагуудтай дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажилладаг.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын Эвангелийн Эвслийг үүсгэн байгуулж, хөгжүүлэхийн төлөө бүхий л цаг зав, залбирал, сэтгэлийн зүрхээ  өргөсөн  байгууллага, чуулгануудад чин сэтгэлийн талархалаа өргөж байна.
Мөн энэ хугацаанд МЭЭ-ийн ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, түүнчлэн МЭЭ-ийн өдөр тутмын ажлыг гүйцэтгэн ажиллаж байсан бүх хүмүүст мөн чин сэтгэлийн талархалаа илэрхийлж байна.
Бидний Монгол чуулганыг, Монгол дахь Христийн биеийг Өөрийн агуу их хайраар хайрлан ивээж байгаа бидний Их Эзэн Есүс Христэд бүх алдар нь үеийн үед байх болтугай!
Эзэний хаанчлал улам өргөжин, байгуулагдахын төлөөх энэхүү гайхамшигт хамтын ажиллагаанд олон олон Христийн Монгол чуулган, байгууллагууд нэгдэж, бидний эв нэгдэл, нэг байдлаар дамжуулан Бурханы алдар Монголын ард түмний дунд гэрэлтэн гийх болтугай!