(илтгэгч Ж.Пүрэвдорж)
2011 оны 9 дугаар сарын 15
Христийн Монгол Чуулганы 20 жил
Соёлын Төв Өргөө
Улаанбаатар
Монгол Улс
Социализмын уналтаас хойш нийгэмд өрнөсөн томоохон хөдөлгөөнүүдийн нэг нь Христитгэл юм. Уламжлалт шашин, улстөрийн намуудаас гадна өнөөгийн нийгэмд нилээн хурдацтай, өргөн далайцтай үйл ажиллагаа явуулж буй бүлэглэл бол Монгол Чуулган хэмээн нэгэнтээ нэрийдэгдсэн Монгол христитгэлтнүүд юм. Та бүхэн бол тэрхүү том гэр бүлийн төлөөлөл бөгөөд та бидний ийнхүү 20 жилийн ойн баяраа, үнэндээ бол Бурханы бидний амьдралд туурвисан гайхамшигт 20 жилийн түүхийг тэмдэглэж буй нь Эзэн Бурханд хэдийнээ тааламжтай буй за. Эзэн Есүсийн (Үйлс 1:8) хэлж байснаар Монгол христитгэлтнүүд Түүнийг гэрчлэх агуу үйлсэд 20 жил Бурханы Ариун Сүнсний хүчээр зүтгэжээ.
Сүүлийн 20 жилд үүсэн хөгжиж буй Христийнхний үүсэл, хөгжлийг түүхэн талаас нь дүгнэснээ товчхон дурьдаж, агуу хүчит тэнгэрлэг Эзэндээ бүх талархал магтаалаа өргөхийг хүсэж байна.
Үүсэл
1991 оны хувьсгалтай яг зэрэгцэн эхэлсэн оюун санааны өөр нэгэн хувьсгал бол Христитгэлийн хувьсгал юм. Христийн тухай мэдээ буюу евангель Монгол нутаг дэвсгэрт гурав дах удаагаа тархсан энэ юм. Албан бус замаар, амаас амд дамжин тараагдсан евангель (орчуулбал сайхан-мэдээ) 1991 оноос эхлээд эрчээ алдалгүй тараагдсаар байгаа билээ.
Монголчууд Христэд итгэх явдлыг нээлттэй хүлээн авч, өөрсдийгөө бүтээсэн оройн дээд Бурханаа таньж мэдэн, амьдралаа өөрчилж эхэлсэн тэр цагаас хойш Сайнмэдээний эрч хүч, тунхаглагчдын ам цуцаагүй хэвээр буй бөгөөд бидний энэ баяр тэрхүү үйл явцын халуун мөчлөг дээр тохиож байгаа юм. Тиймийн улмаас би вээр Монгол христитгэлтнүүдийн тухай баримттай дүгнэх цаг мөчид бус, харин харсан үзсэнээ дүгнэн ажиглахын үүдэнд оршиж буйн хувьд аль болох барьцтай дүгнэлтүүдийг чадан ядан өгсөнөө дурьдаж байгаа юм.
Социалист идеал нуран унахад хүмүүс оронд нь барьж авах, найдвараа тавих идеалыг алсуурхан эрсэн. Амьдрах найдвар, тулан босох итгэл үнэмшил тэдэнд хэрэгтэй байсан. Монгол орон хоосорч, хүмүүст үнэн гэж юу вэ, амьдралын утга учир юу вэ гэх зэргийн метафизиксийн үндсэн асуултууд тулгарч, тэр бүхэнд хариултыг хайж байсан. Өмнө нь сонголтгүй, бэлэн өгөгдөж байсан бурхангүйн үзэл, тэр дотроо социалист итгэл үнэмшилд хүмүүс найдах найдвараа алдсан. Хүмүүний оршилд өөр утга учир байгаа эсэхийг эрэн хайж эхэлсэн яг тэр түүхэн цагт нийгэм тэр аяараа “мөнгө/эдийн засаг бол хүний амьдралын хамгийн чухал хүчин зүйл” гэсэн мэссэжийг илгээхийн хажуугаар, “орчлон бүтээгдсэн” тухай зарласан Христийнхний мэдээ ирсэн. Хүмүүс Христитгэлийг оюун санааны, сэтгэлийн, эдийн засгийн хэрэгцээг хангах, боломжийг хайх, шинийг сурах, нөхөрлөл эрэх, цагийг зөв өнгөрүүлэх гэсэн олон янзын зорилготойгоор сонсож, сонирхож эхэлсэн. Амьдралын нөхцөл байдал, улс орны ядуурал хүмүүсийг шинэ итгэл үнэмшилд нээлттэй болгосон. Бурхан Аавынхаа дуудлагыг чих тавин сонсох орон зайтай болгосон.
Хөгжил
Монгол дах Христитгэлийн 20 жилийн хөгжлийг цаг хугацааны хувьд 3 ангилж болох юм. 1991-1995, 1996-2005, 2006- өнөөг хүртэл.
1991-1995 он буюу бүрэлдэх тогтох үе
Энэ үед хүмүүс ганц хоёроор бус, хэдэн арваараа, заримдаа зуу зуугаараа шийдвэр гарган Христийн чуулганд хамрагдаж, итгэлийг олох хүслээр ирж, улмаар Есүс Христийг Аврагч Эзэнээ болгон хүлээн авч байлаа. Анхны итгэгчдийн насны дундаж 20 орчим байсан бөгөөд тэд бусдад түгээх, заах, удирдах гол ажлуудыг хийдэг байсан нь ихэвчлэн залуучууд, хүүхдүүдэд энэ мэдээ эхлэн хүрэх, тийм насны хүмүүсийг татах гол суваг нь болсон.
Өөрсдийн гэр орондоо, эсвэл албан байгууллагын өрөөг түрээслэн цугларч, шинэхэн итгэлийн талаар долоо хоног бүр судалж, ихэвчлэн Монголд суугаа гадны мэргэжилтнүүдийг урин хичээл заалгаж байлаа. Мэргэжил эзэмшсэн хориод насны залуу хүчин энд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Тэд хэл сурах, техник технологийн дэвшлийг таних, гадаад ертөнцтэй танилцах чин хүслийнхээ хажуугаар Христитгэл гэгч юу болохыг суралцаж байлаа. Монголд өрнөж буй Христийнхний өсөлт хөгжилтийн талаар сонссон, ялангуяа Бурханы дуудлагыг авсан гадаадын олон байгууллага, хувь хүмүүс Монголд ажилаа эхэлсэн. Шашны эрх чөлөө хэрэгжиж буйг мэдэрсэн олон улсын төрийн болон төрийн бус байгууллагууд хүмүүнлэгийн ажилд хувь нэмэр оруулахаар ирсэн нь учраа олж ядан буй залуучуудад маш том түшиг тулгуур болсон.
Шинэхэн итгэлийг олсон залуучууд дотроо зохион байгуулагдан, хөдөө орон нутгаар явж, өөрсдийн итгэл үнэмшлийн талаар шургуу ухуулан сурталчилж, аймгуудын төвд итгэгчдийг бий болгон, Эзэн Есүс Христийн авралыг тунхаглах, Түүний алдрыг магтах цуглаануудыг шинээр нээж байлаа.
1991 оны сүүлээр 20 орчим байсан Христийнхэн 1992 оны сүүлчээр 2000 шахам болчихсон байсан. Хэвлэл мэдээллээр ихэвчлэн муучлуулж, “гадаадын” гэсэн шошгыг зүүлгэн эхэлсэн тэрхүү бяцхан бүлэг 1995 оныг хүртэл маш эрчимтэй өсөж, өөрсдийн тооцоогоор 10,000 орчим хүний бүрэлдэхүүнтэй болсон байсан.
1996-2005 он буюу өсөлт ба шилжилтийн үе
Дөнгөж үүссэн чуулганууд өөртэйгээ адилхан чуулгануудыг бий болгох нь тийм ч том хүндрэл байгаагүй. Харин чуулганыг удирдан зохион байгуулах, заах номлох удирдагчдын асуудал томоохон хямралыг авчирсан. Тиймээс чуулганууд өөрсдийгөө удирдах удирдагч бэлтгэх ажилдаа шамдан орсон бөгөөд энэ нь цэвэр гадныхны тусламж дэмжлэгээр хийгдсэн. Монголд үүссэн ямар ч шинэ салбарт байдаг гадны мэргэжилтнүүдийн чиглүүлэг, мэргэжлийн зааварчилгаа бидэнд хэрэгтэй болсон. Гадны мэргэжилтнүүдийг авчирахад хэд хэдэн хүндрэл бидэнд байсан. Нэгдүгээрт, үүссэн цуглаануудыг 2% хүрэхгүй хэсэг нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан бөгөөд гэр орноор цугларах хэлбэрт байсан. Тиймээс гаднаас албан ёсоор мэргэжилтэн, илгээлтийн эзэн урих нь хүндрэлтэй байсан. Хэдийгээр албан ёсны бүртгэл авсан чуулганууд олширч эхэлсэн ч шашны визийг бидэнд ихэнхи тохиолдолд зөвшөөрөхгүй байсан. Тиймээс бид богино хугацаагаар Монголд жуулчлан ирэх багш, сүмийн ажилтнуудыг маш олноор урьж, заалгасан. Энэ нь биднийг зөвхөн Христийн тухай суралцахаас гадна гадаадын соёл иргэншил, түүх, сэтгэлгээ, дэлхийн чуулганаас суралцах бололцоотой болгосон. Удирдлага бэлтгэх хүрээнд өрнөсөн энэхүү хөдөлгөөн бидний олон нөхөд гадаадын Библийн сургуулиудад суралцах түлхүүр нь болсон юм.
Удирдагчид түрэн гарч ирсэн тэрхүү үед гадны удирдлага багасаж, монголчууд өөрсдийн нутаг орны соёл, иргэншил, нөхцөл байдалд тохирсон үйл ажиллагаануудыг, өөрсдийн замаар хийх нь чухлыг онцолж эхэлсэн. Гадны бүрэн удирдлага чиглүүлгээс, хамтарсан удирдлага уруу чиглэсэн он жилүүд байсан. Энэхүү шилжилт одоо ч үргэлжилсээр байгаа юм.
Удирдагч бэлтгэх хүрээнд олон улсын чанартай, магадлан итгэмжлэлтэй Библийн гүн гүнзгий сургалтуудыг зохион байгуулахаас гадна, хэдэн чуулганы хүрээнд, нутгийн шинж чанартай жижиг лекц, сургалт, хөтөлбөрүүдийг маш олныг зохион байгуулсан. Монголд буй чуулганууд нэгдэн өөрсдийн гишүүдэд үйлчилдэг, Библийн сургалтын төв, Монголын Эвангелийн Эвсэл гэх мэт томоохон шашны болон төрийн бус статустай байгууллагуудыг байгуулж, өөрөө өөрийгөө удирдан зохион байгуулах нөхцлийг 1995-2000 оны үед бүрэлдүүлсэн.
Энэ хугацаанд Христийн чуулганууд хөдөө орон нутагт, ялангуяа сумын төвүүдэд үүсэн бий болсон. Нийт чуулгануудын тоо 370 орчимд хүрч, 50,000 гаруй гишүүдтэй болсон.
Чуулганууд эвлэлдэн нэгдэж, итгэлийнхээ томоохон илэрхийлэл болох хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулж, төрийн бус байгууллагуудыг олноор эхлүүлсэн. Хүүхэд залуучуудад зөвлөгөө өгөх, хүмүүжил хөгжлийн асуудлуудаар лекц хийх, гэр бүл, настангууд, хүүхдүүдийг халамжлах гэх мэтийн оюун санаа, сэтгэлгээг хөгжүүлэх үйл ажиллагаа хийхээс гадна нийгмийн эмзэг давхрагынханд туслах санхүү болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, гадаад хэл, соёл, дуу хуур сурах ажлуудыг хөгжүүлсэн. Иймэрхүү ажлууд жижиг, дунд болон заримдаа өргөн цар хүрээгээр хийгддэгийг нийгэм өнөөдөр ил тод харж байгаа билээ. Энэ бүхний цаана Монгол орныг ерөөхийг хүссэн Бурхан Аавын нигүүлсэл, хайр байсан бөгөөд христитгэгч монголчууд бидний залбирал байсан юм.
2006-одоог хүртэл буюу төлөвшлийн үе
Мэдээж 20 жилийн хөгжил гэдэг бол түүхийн үүднээс маш богинохон зурвас билээ. Харин энэхүү богинохон хугацааг үечилбэл энэ хэсгийг бид дөнгөн насанд хүрч, буурь суух гэж яваа хүнтэй зүйрлэж болох юм.
Удирдагч бэлтгэх үйл явц маань чуулганы тооны өсөлтөөс хол хоцорч яваа ч тодорхой хэмжээний үндэсний удирдагчидтай болж, олон чуулган, байгууллагууд цэвэр нутгийн удирдлагатай болсон нь бусад улс үндэстнүүдэд тэр болгон тохиогоогүй онцгой ерөөл юм. Албан ёсоор нийт 180 орчим пастор томилогдон ажиллаж байгаа бөгөөд зөвхөн Библийн сургалтын төв 350 орчим удирдагчдыг 2-4 жилийн хөтөлбөрөөр Библийн мэдлэг боловсролд сургасан байна.
Чуулгануудын удирдлага, тэдний туршлага сайжрахын хэрээр нийгэмтэйгээ хэрхэн зөв харьцаж, үйлчилж, зөв Монгол иргэнийг өсгөн төлөвшүүлэхэд ямар хувь нэмэр оруулж болохыг бага багаар ойлгон төлөвшиж байгаа гэж би бодож байна.
Өнөөдөр Христийн чуулганаар хамрагддаг хүмүүсийн тоо 100,000 (?)-д хүрч, чуулгануудын тоо 600 (?) шахам болсон байгаа нь Христитгэл яах аргагүй Монголын ардчилсан хувьсгал, зах зээл, даяарчлалын хөгжил дэвшилтэй зэрэгцэн хөгжин ирсэн манай нийгмийн салшгүй нэгээхэн хэсэг болсныг, дэлхийн Христийн биеийн чухал эрхтэн болсныг илтгэж байгаа юм.
Хөгжлийн хүчин зүйлс
Христийн шашны өсөлт хөгжилтөд нөлөөлсөн хэд хэдэн үндсэн хүчин зүйлс байгааг би өнөөдөр энд хариуцлагатайгаар тодорхойлохыг хүслээ.
Оюун санааны орон зай
Өмнө дурьдсанчлан, социалист үзэл баримтлал хүмүүсийн оюун санааны хэрэгцээг хангаж чадахгүй болж, хүмүүс харь гарагийн хүн, ховсдолт, далдыг харагч, гал гаргагч хүн гэх мэт аливаа сонин хачин үзэгдэлд итгэхдээ амархан болсон. Тэрхүү оюуны хэрэгцээг олон зуун жилийн туршид хөгжсөн, хүн төрөлхтний итгэл үнэмшлийн томоохон өв Христитгэл сайн хангаж байсан бөгөөд энэ нь Монголд шинэлэг байсан нь хүмүүст, ялангуяа залуучуудын хувьд оюун санааны орон зайнд шинэ хувьсгал хийхэд нь нөлөөлсөн. Шинэ соргог мэдээллээр өөрийгөө хөгжүүлэх гэсэн залуучуудын өнгөцхөн зүтгэл үнэндээ тэднийг Орчлонг бүтээсэн Төгс Хүчит Бурхан Аавын өвөрт ирэх үүдийг нээсэн. Амьдралын утга учрыг эрэн бэдэрсэн монголчуудын зүрхэнд Бурхан Өөрийн алдрын гэрлийг тусгасан.
Эдийн засгийн хүчин зүйлс
Ардчилсан хувьсгалын дараахан Монгол орныг эдийн засгийн хүнд нөхцөл байдал нөмөрсөн. Энэ үед гадны олон сайн дурын байгууллагууд буюу ихэвчлэн Христийнхний үүсгэсэн хүмүүнлэгийн байгууллагууд Монгол орны ядууралтай тэмцэхэд гар бие оролцсон билээ. Ядуу айл өрхөөр явж, гурил будаа, хувцас хунар тараах ажлын үр дүнг амсаагүй хороо дүүрэг, аймаг сум, өрх гэр бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй гэж би бодож байна. Энэ ажлын хүрээнд олон хүн Христийн чуулганд хамрагдах, евангелийг хүлээн авах, Есүс Христэд итгэх боломжтой болсон.
Боловсрол ба хүмүүжил
Христийнхний өсөлт хөгжилтөд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл бол боловсрол ба хүмүүжлийн хүчин зүйл гэж би боддог. Монголд гадаад хэл сурах, гадаад хүмүүстэй танилцаж, шинийг сурч боловсорно гэдэг чухал болох тэр үед Христийн чуулганууд Англи, Солонго, Япон гэх зэрэг хэлийг сурах боломжоор хангагдаж байсан. Олон залуучууд гадаад ертөнцтэй холбогдохын тулд гадаад хүмүүсийг хайн сүм чуулганд ирдэг байсан. Хувьчлан нөхөрлөж, англи хэл сурч улмаар гадаадын сургуулиудад явсан залуучууд ч их байсан.
Хувь хүн өөрийн хэрэгцээг хангахаар ирдэг байсан боловч үнэндээ сүм чуулганы хүрээнд залуучуудад хэрэгтэй олон хүмүүжлийн ажлууд явагддаг байсан нь олон залуучуудыг ороо бусгаа нийгэмд өөрийгөө зөв залан авч явахад нь тустай байсан болохоор тэд сүм чуулган уруу татагдсан. Тэнд хүмүүжил, сахилга баттай нөхөрлөлийг бий болгож, тухайн үеийн нийгмийн бараан үзэгдэл болох архидалт, гэр бүл салалт, гэмт хэрэгт холбогдох зэргээс холуур байх боломжтой болсон. Нөгөөтэйгүүр, архинд орсон, гэр бүлийн асуудалд орсон хүмүүст өгөх зөвлөгөөнд сууж, улмаар сүм чуулганд хамрагдаж ирсэн хүмүүс ч хэдэн зуугаараа тоологдоно.
1990-ээд оны эхэнд Монголын засан хүмүүжүүлэх газрууд маш хүнд байдалтай болж, олон монгол залуус шоронд нас барж байсан. Тэр үед Христийн байгууллагууд тэдэнд очиж, хоол, дулаан хувцас өгөхөөс гадна сэтгэл санаагаар нь дэмжих хүмүүжлийн чанартай үйл ажиллагаануудыг явуулж байсан нь хожим тэдний олон нь нийгэмшин дасахдаа чуулгануудыг бараадах болсон юм.
Хүүхдийн хүмүүжлийн асуудлаар эцэг эхүүд санаа зовж, хүүхдүүдээ чуулганы хүмүүжлийн ажлуудад сайн дураараа явуулж, зарим нөхцөлд дунд сургуулийн багш нар чуулганы ахлагч, пасторуудаар яриа хийлгэж байсан. Боловсрол эзэмших гэхээсээ илүү хүмүүжих ажлын хүрээнд Христийн чуулганууд маш шургуу ажилласан нь олон хүн чуулганд хамрагдах боломжийг нээсэн юм.
Зөвхөн хүмүүжлийн ажил ч бус мөн эрүүл мэнд, хүүхдийн өмгөөллийн асуудал, мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд бизнес хөгжүүлэх, удирдлага зүй, амьдрах ухаан, урлаг, спорт гэх мэт олон боловсрол, сургалтын чанартай үйл ажиллагаануудыг хийж ирсэн нь хүмүүсийн амьдралд ач тусаа өгсөн. Эцэг эх, гэр бүлийн асуудлыг хөндсөн маш олон сургалтуудыг гадаадын олон орны сургалтууд дээр үндэслэн бий болгосон бөгөөд энэ нь ч өнөөдөр нийгэмд эерэг хандлагыг бий болгож байгааг бид хардаг.
Дүгнэлт:
1990 он гэхэд огт байгаагүй Христийнхний энэ гэр бүл өнөөдөр бидний тооцоогоор Монголын хүн амын 3.5 орчим хувьд хүрч, нийгмийн дунд маш олон талбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг хэсэг болсон байна. Үнэндээ улстөрчдийн дэвэргэн дүгнэж байгаагаар сонгуулийн насны хүн амын 10%-ыг эзэлсэн нь нийгэмд маш том нөлөөтэй болсныг харуулж байгаа юм. Даравч далдайна, булавч бултайна гэдгийг үлгэрээр Христитгэгчид нуугдахын аргагүй нүсэр болжээ.
Үүссэн цагаасаа эхлэн эрчимтэй өсөж буй Христийнхний энэхүү эрч хүч одоо ч хэвээр байгаа бөгөөд цаашид энэ нь Монголын нийгэмд улам олон эерэг нөлөөг авчирах хандлагатай байгааг, авчирах ёстой гэдгийг би энд хариуцлагатайгаар илэрхийлж байна.
Төр засаг, нийгэм, хүн ардынхаа сайн сайхан өв соёлыг үргэлжлүүлэн дэлхийн улс үндэстэнд тунхаглах, нэр хүндийг нь өргөх, сайн үйлсийг улам илүүгээр дэлгэрүүлэх, Монгол туургатан хүн бүрт Сайнмэдээг хүргэх, Монгол газар нутаг даяар Эзэн Есүсийг магтан алдаршуулах, цаашилбал дэлхийд Христийг тунхаглах чин хүсэл тэмүүлэлтэй Христийнхний 20 жилийн товчхон түүх ийм болой. Бидний Бурхан Аав, Аврагч Эзэн Есүс Христ, Ариун Сүнс алдарших болтугай!
Чингис овогт Жамсрангийн Пүрэвдорж (МУИС, Шашны Тэнхимд докторант 2009-)
Монгол Чуулганы Үндэсний Зөвлөлийн гишүүн
Библийн Сургалтын Төвийн захирал
Баярын Мэдээ Христийн Чуулганы тэргүүн пастор