(Илтгэгч МЭЭ-ийн Ерөнхийлөгч Л.Батболд)
Монгол оронд ардчилсан хувьсгал ялж, итгэл бишрэлийн эрх чөлөө нээгдсэн нь ЭЗЭН Бурханы таалал билээ. Энэ тааллын үр дүнд Христитгэл монгол хүний хувьд бодит биелэлийг олж Христийн Монгол чуулган үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Түүний сайнмэдээг дэлгэрүүлэх ариун үйлсэд гар бие оролцон үйлчилж байсан, үйлчилж байгаа эрхэм илгээлтийн эзэд болон дуудлага, зорилго нэгт Эзэний ариун хүмүүст талархан, баярын мэнд хүргэе! Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ угтан хараад өмнө маань хүлээж байгаа хөгжлийн замаар хамтдаа алхацгаая!
Монгол Чуулган бидэнд Бурхан Эзэнээс өгөгдсөн нэг алсын хараа байгаа. Энэ бол:
“МОНГОЛ ЧУУЛГАН БИД ДАЯАР МОНГОЛОО ХРИСТИЙН ДАГАЛДАГЧ БОЛГОЖ, БҮХ УЛС ҮНДЭСТЭНД ХААНЧЛАЛЫН САЙН МЭДЭЭГ ТАРААН ТҮГЭЭНЭ”
Бид энэ алсын хараан доор нэгдэн, нэгэн зүрх, итгэлээр хамтдаа үйлчилцгээе! Алсын хараандаа зориулан амьдрах өдөр, сар, он жилүүд маань хөгжилд хөтлөөсэй. Монгол Чуулганы хөгжил та бидний гарт буй гэдгийг ухамсарлан үйлчилцгээе!
I. Монгол Чуулганы хөгжил Монгол Дагалдагчаас хамаарна.
Өнөөгийн болон ирээдүйн Монгол Чуулганы хөгжлийг гардан бүтээх хариуцлагатай хүн бол “МОНГОЛ ДАГАЛДАГЧ” та юм шүү! Учир нь Их Эзэнээр дуудагдан бидний төлөө Монголд ирсэн илгээлтийн олон арван үйлчлэгч нар Монгол чуулганы ирээдүй “Монгол дагалдагч” таны гарт буй гэдгийг ойлгуулахын тулд үйлчилж, залбирч, амьдрал, замнал, зориулалт, золиосоороо харуулсан билээ.
Монгол Чуулганы хөгжил дэвшил Христийн Монгол дагалдагчийн чанараас хамаарна. Монгол дагалдагч нь Библийн дагуух ёс зүйт хэм хэмжээгээр амьдардаг, Их Эзэний тушаасан “Аугаа захирамж”-ийг биелүүлэхийн төлөө амь амьдралаа зориулан үйлчилдэг хүн юм. Ийм хүн л Монгол чуулганы цаашдын хөгжил дэвшилд ихээхэн нөлөөлнө.Тиймд, итгэгч бүр Христийг өдөр бүр дагаж, бусдыг ч Христийн дагалдагч болгоход бүх сэтгэлээрээ үйлчилье!
Есүс “Бурханыг болон бусдыг хайрлах”-ыг сургасан (Матай 22:35-40) юм. Хайр хүрмээр хүнийг хайрлах нь энэ ертөнцийн ёсон. Харин хайрлахад хэцүү хүнийг хайрлах нь Христийн ёсон мөн. Есүсийн хайр өстөн дайснаа ч өрөвдөн хайрлахыг бидэнд сургасан, мөн Өөрөө ч үлгэрлэн харуулсан. Түүний сургаалыг дагаж амьдарвал “хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал” (Галат 5:22) зэрэг сайн сайхан үр дүн хувь хүнд нь ч, гэр бүлд нь, цаашлаад нийгэмд ч бий болдог. Бурханлаг мэдлэгтэй, Библийн үзэл бодолтой, зөвт зан чанартай, “Ариун Библи”-ээр амьдралаа хөтлүүлсэн ийм л Монгол дагалдагчаас Монгол чуулганы хөгжил, дүр төрх илэрхийлэгдэнэ.
II. Монгол Чуулган Нийгэмд
Өнгөрсөн 20 жилд Монгол улсын дүр төрх ихээхэн өөрчлөгдсөний түүхэн гэрч нь та бид. Нийгмийн тогтолцоо солигдож, хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж, мэдээлэл харилцаа хөгжихийн хамт, Монгол улс урьд өмнө байгаагүй асар их баялгийн эзэд болжээ. Хэдийгээр техник технилоги, мэдлэг, чадвар, санхүүгийн чадамж өсч буй ч хувь хүний хөгжил орхигдох учиргүй. Монгол улсад төлөвшсөн иргэд юу юунаас илүү чухал байна. Иргэн хүнээс улсын хөгжил цэцэглэлт шууд хамаардаг. Нийгэмд оруулах Монгол чуулганы хамгийн үнэт хувь нэмэр бол төлөвшсөн Монгол иргэд билээ.
Библийн сургаалд, “… Шударгыг үйлд, энэрлийг хайрла,
өөрийн Бурхантай хамт даруухнаар алх …” (Мика 6:8) гэсэн байдаг.
Монгол Чуулган бид нийгэмд зөв шударга дуу хоолой болж, үнэн зөвийг цаг үргэлж илэрхийлэх үүрэгтэй. Монгол Чуулган бид энэрэл хайрын сэтгэлээр ядарсаныг тэтгэж, тэнхрүүлэх учиртай. Монгол Чуулган бид хүний дээд үлгэр дууриалал болох нь Бурхан Аавын таалалд нийцдэг гэдгийг санаж өдөр бүр Бурхантай хамт амьдрах ёстой.
Монгол хүний эрхэм сайхан чанар, өвөг дээдсээс уламжлан ирсэн зөв өвийг Библийн сургаал сулруулан үгүйсгэх бус харин улам баяжуулан чимж, шинэ Монгол хүнийг төлөвшүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна, оруулах ч болно. Энэ бол Монгол чуулганы нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм.
Монгол улс хүүхэд залуучуудын орон. Харин хүүхэд залуучуудын төлөвшиж хүмүүжих орчин, томчуудын үлгэрлэн харуулж буй дууриалал, интернэтийн чөлөөт орчин, ТВ зурагтаар гарч буй кино зэрэг зүйлээс харвал Монгол улсын дараагийн үе ямархуу байдлаар хүмүүжиж байгааг төвөггүй мэдэж болно. Монгол чуулган ёс бусын эсрэг зогсох эр зоригтой байж, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын төлөө ажилласаар ирсэн, цаашид ч хийх ажил арвин байна.
Өнөөгийн Монгол улсыг бидний гарт шилжүүлэн өгсөн ахмад үеийнхэндээ бид талархах ёстой. Үндэстэний тусгаар тогтнол, соёлын түрлэг, их бүтээн байгуулалт, хотжих, үйлдвэржилт гээд тоочоод байвал тэдний байгуулсан гавъяа их. “Эцэг эхээ хүндэл” гэсэн Библийн сургаалийг Монгол чуулган даган биелүүлж эцэг эх, ахмадуудаа хүндлэн нийгэмд үлгэр дууриалал үзүүлэх учиртай.
Христэд итгэгч Монголчууд гэхээр дан хүүхэд хөгшид гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд явдаг. Харин нийгмийн гол ачааг үүрдэг, ажил мэргэжилтэй, татвар төлөгч нийгмийн дундаж давхарга дунд Христэд итгэгч Монголчууд сүүлийн 20 жилд олноороо бий болсоныг онцлох ёстой. Нийгэмдээ байр сууриа эзлэхийн зэрэгцээ Монгол дагалдагч та, өөрийн ажил мэргэжил, хөдөлмөрийн талбараа үйлчлэл хэмээн үзээсэй. “Хүнд биш Эзэнд үйлчилж байна хэмээн ажилла” гэсэн Библийн үгийг санан нийгмийнхээ шилдэг багш, эмч, инженер, хуульч, бизнесмэн, албан хаагч, уурхайчин, жолооч гэх зэрэг эзэмшсэн мэргэжил, ажил хөдөлмөрөөрөө нийгмийнхээ сайн сайханд хувь нэмэр оруулахыг уриалж байна. Монгол дагалдагч хүнийхээ хувьд та, хийх ёстойгоо хийх нь хангалтгүй ээ. Харин үеийн үед өвлөгдөн дамжих Христэч соёл, сэтгэлгээ, үнэт өвийг үлдээхийн төлөө нийгэмдээ үйлчлээрэй.
Монгол Чуулган бид “хонины арьс нөмөрсөн чоно” мэт Христийн сургаалийг барин нийгэмд сөрөг ойлголт, итгэл үнэмшил, хагарал, эвдрэлцэл бий болгох аливаа гаж сургаал, бүлгээс Монгол түмнээ хамгаалан үнэний зүгт түмнээ чиглүүлэх үүрэгтэйгээ байнга санан амьдрах ёстой. Иймийн тулд Христийнхэн бид үнэний харуулд сонор соргог байж өөрсдөөрөө үлгэрлэн амьдрах дуудлагатай билээ.
III. Монгол Чуулган Дэлхийд
Улам бүр даяаршиж байгаа өнөө цагт Монгол хүн зөвхөн Монгол улсын иргэн бус харин дэлхийн Монгол иргэн болсон билээ. Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын тоо хэдийнээ 100 мянга гаруй болсон нь Монголын 22 дахь аймаг дэлхийд байгааг нотолж байна. Христийн сайн мэдээ тэдэнд ч хүрэх учиртай.
Есүс “Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” гэж айлджээ.
Монгол чуулган, Монгол дагалдагч та дэлхийн илгээлтэд хувь нэмрээ оруулж, гадаадад байгаа Монголчууд, туурга нэгт Монголчууд болон Монголын Эзэнт гүрний үед орхигдож тухайн нутагтаа уусаж үлдсэн Монгол угсаатанд сайн мэдээ хүргэх дуудлагатайгаа мартаж болохгүй. Мөн соёлын дээс, хилийн дээсний цаана байгаа өөр үндэстэнийг ч бид орхиж болохгүй. Монгол чуулган, Монгол дагалдагч дэлхийн илгээлтэд нөлөөлөгч хүчирхэг тоглогчдын нэг болох үе ойрхон байна. Дэлхийн илгээлт нь Монгол Чуулганы нэг хэсэг байх болно.
Дvгнэлт:
Монгол чуулганы ирээдүйн хөгжил дэвшил Монгол дагалдагч танаас шууд хамаарна. Хувь хүний төлөвшил, улс орон нийгмийн хөгжил цэцэглэлт, дэлхийн илгээлтэд Монгол дагалдагч таны оруулах хувь нэмэр асар их.
Эзэний амлалт бидэнд бий. “Чиний эхлэл шалихгүй байсан ч төгсгөлөө агуу ихээр өсгө” (Иов 8:7) гэж Библид амлажээ. Тиймээ бидний эхлэл өчүүхэн байсан боловч Эзэн өнгөрсөн 20 жилд аугаа үйлсийг хийсэн билээ. Ирэх арав, хорин жилд Монгол дагалдагч та бидний өмнө сайхан ирээдүй хүлээж байна. Хамтдаа даяар Монголоо Христийн дагалдагч болгож, бүх улс үндэстэнд Хаанчлалын сайн мэдээг тараан түгээцгээе!
Мөнх овогт Лхамсvрэнгийн Батболд
Монгол Чуулганы Vндэсний Зөвлөлийн тэргvvн
“Амьд Vг” Христийн Чуулганы тэргvvн пастор