Монгол оронд Эзэний сайн мэдээг хүмүүс сонсох боломж үүд хаалга дахин нээгдсэн цагаас хойш эдүгээ хориод жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Христ итгэл нь Монголд залуу, Христэд итгэгчдийн чуулганы талаарх цогц ойлголт нь тогтворжиж амжаагүй өнөө үед, хүмүүсийн дунд Эзэнд үйлчлэх үйлчлэлийн тал дээр зөрүүтэй ойлголтууд байгаа нь ажиглагддаг.
Монголын зарим чуулгануудын удирдлагууд нь үйлчлэгч нараа цуглааныхаа эргэн тойронд хэдэн цагаар ч хамаагүй барьж байхыг оролддог ба үүнээс болж тэдгээр үйлчлэгч нарын гэр бүлүүд нь, хүүхдүүд нь орхигдон, таарууханаар хэлвэл цуглаан гэдэг нэг байгууллагын үйл ажиллагааны төлөө жинхэнэ Бурханы орших сүм болох хүн нь ( 1 Коринт ) орхигдсон байх нь ч олонтаа.
Мөн цаашилбал ихэнх чуулганы удирдагчид нь, Эзэнд үйлчлэх үйлчлэл нь зөвхөн цуглаан дээр л байдаг мэт өөрийн цуглааны итгэгчиддээ ойлгуулсан байдаг нь нууц биш юм. Хамгийн наад зах нь л гэхэд цуглааныхаа нийгэм дээр ажил хөдөлмөр эрхэлдэг итгэгчиддээ “Тэд нар нийгэм дээр ажилладаг тул үйлчэл хийгээгүй хэрэг” гэсэн ойлголтыг сургаалаараа дамжуулан өргөнөөр ойлгуулсан байдаг. Мөн зарим нэг расторууд цуглаанд үйлчлүүлэхийг хүсч байгаа, гайгүй авъястай гэгдэж буй нэгэндээ “Чи наад нийгмийн ажилаа болиод Эзэнд үйлчил” гэж хэлдэг нь ч бараг уламжлал болоод байгаа билээ. Иймэрхүү зүйлсээс болж цуглааны жирийн итгэгчид “Би цуглаанд үйлчлэл хийгээгүй болохоор Эзэнд үйлчлэхгүй байгаа юм байна” гэж ойлгодог. Харин энэ ойлголт нь үнэхээр үнэн зөв байж чадах уу?
Гэтэл үнэндээ библи бидэнд ингэж хэлээгүй бөгөөд харин ч үүний эсрэг зүйлийг бидэнд хэлдэг. Хэрвээ бид Матай 28 дахь агуу захирамжийг харах юм бол:
“Иймээс явж бүх үндэстнийг дагалдагч болгогтүн” Мат 28:19 гэж хэлдэг.
Энд бид нарт хамгийн 1-рт “явж” гэж тушаасан байгааг харж чадна. “Явна” гэдэг бол байсан газраа (цуглаан дотроо) байгаад байхыг хэлдэггүй, харин байгаа газраасаа хөдлөхийг хэлдэг. Энэ нь өөрсдөөсөө хол байгаа тэдгээр хүмүүс рүү явж очин, тэдний дунд байж, тэдэнтэй нөхөрлөж, тэдэнд Эзэний сайн мэдээг хүргэн, үнэн Бурханыг таньж мэдэхэд нь туслахыг хэлдэг.
Цаашилбал Есүс Эзэн өөрийн дагалдагчидаа үндэстнүүд рүү хүмүүс рүү илгээж байгааг харж чадна. Тухайн үедээ “үндэстнүүд” гэдэг нь Иудей хүмүүсийн хувьд бузар гэж тооцогддог, тэдэнтэй харьцаж ч, ярьж ч, болдоггүй, Эзэнийг мэддэггүй харь үндэстнүүдийг хэлсэн бөгөөд одоогийн бидний нийгэм дэх үл итгэгчдийг тэдэнтэй зүйрлэдэг билээ
.
Тэгэхлээр тэдгээр үл итгэгч хүмүүс нь хаана байдаг юм бэ? Тэд чуулганд байдаг гэж үү? Тэд цуглааны гадна байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Иймээс цуглааны үйлчлэгчид ба нийгэм дээр хөдөлмөр эрхэлдэг чуулганы жирийн итгэгчидийн хэн нь тэдгээр үл итгэгчидтэй илүү ойр байж нөлөөлөх боломжтой вэ? Мэдээж өдөр бүр уулзаж хамтдаа ажилладаг нийгэмд хөдөлмөр эрхэлдэг жирийн итгэгчид нь үл итгэгч хамт ажилладаг нэгэндээ нөлөөлөх бүрэн боломжтой юм. Үнэндээ бол тэд ч бас Эзэнийг даган, Түүний үгийн дагуу амьдарч байгаа л бол үйлчлэлээ хийж байгаа гэсэн үг юм. Учир нь тэдний бурханлаг амьдралыг харахдаа үл итгэгч нэгэн нь Эзэнийг таьж мэдэх боломжтой юм. Тэгэхлээр “Чи цуглаанд үйлчлэл хийгэгүй л бол Бурханд үйлчлээгүй хэрэг” гэсэн санаа нь алдаатай болох нь харагдаж байна.
Харамсалтай нь монголд олон чуулгануудад бүх итгэгчид нь цуглаандаа л үйлчилж, цуглаан дээр байж байх ёстой юм шиг ойлголтыг өгөн нийгэмд ажилладаг хүмүүсээ хувиа бодсон, өөрийнхөө эрх ашгийн төлөө дэлхийн зүйлсийг хайгаад явж байгаа мэтээр ойлгуулах нь олонтаа. Мөн ихэнх цуглаануудад нийтлэг тохиолддог нэг үзэгдэл нь: Чуулгандаа байгаа хэн нэг гайгүй авьяастай гэсэн хүнийхээ итгэгч болохоосоо өмнө хийж байсан ажлыг нь болиулаад “Эзэнд үйлчил” хэмээн цуглааны туслагч үйлчлэгч болгож орхидог. Гэвч цуглаанаас тэр хүнийхээ болон гэр бүлийнх нь бүх л энгийн хэрэгцээг хангаж чаддаггүй бөгөөд зарим тохиолдолд хажуугаар нь ажил хийх гэвэл миссионер багш нь юм уу пастор нь “Чи бүтэн цагаар үйлчлэх ёстой, итгэлээрээ амьдар, чи итгэлгүй хандаж байна” хэмээн шахаанд оруулж өөрийгөө цаашид хөгжүүлж боловсруулах үүд хаалгыг нь хааж орхидог гэж хэлэхэд хатуудахгүй болов уу?. Үүний үр дүнд ч чуулгануудад бэлэнчлэх сэтгэлгээтэй, цуглаанаас л намайг хангаж байх ёстой гэсэн өөрсдийн сэтгэж бүтээх чадвараа хязгаарласан хүмүүс олширсон нь харамсалтай.
Ийнхүү мөрөөрөө өөрийн мэргэжлийнхээ дагуу ажлаа хийж байсан хүмүүсийг үйлчлэл зөвхөн цуглаан дээр л хийгдэж байдаг мэт ойлгуулан цуглааны ажилчин болгоод зөвхөн цуглааны хүмүүстэй л уулздаг, цуглаан дээр л байж байдаг нэгэн болгох нь бидний Эзэний “яв” гэсэн тушаалтай хир зэрэг нийцэж байна вэ?
Хэрвээ тэд нийгэм дээр мэргэжилээрээ ажиллах юм бол цуглаан дээр уулздаг хүмүүсээсээ ч илүү олон итгэгч бус хүмүүстэй уулзаж, тэдэнтэй харилцах боломжтой болдог. Ийнхүү тэд үл итгэгч үнэнийг хайж байгаа хүмүүсийн дунд орж, байгаа байгаа газартаа л Эзэний гэрлийг харуулан үнэнийг тунхаглан Эзэний тушаалыг биелүүлэх боломжтой болох юм. Энэ ч утгаараа чуулганы үйлчлэгчдээс илүү нийгэм дээр хөдөлмөр эрхэлж буй итгэгчид маань жинхэнэ талбар дээр байгаа юм бус уу? Ингэж хэлснээрээ би цуглаанд үйлчлэгч хүмүүс хэрэггүй гэж хэлэхийг оролдоогүй юм шүү. Харин Монголын чуулганууд маань хэтэрхий цуглаан төвтэй байж ажил мэргэжилтэй хүмүүсээ “Та Эзэнд үйлчлэх ёстой” хэмээн цуглаан руу татан авсанаар тэдний нийгэмдээ нөлөөлөх нөлөөлөлийг нь багасгаж, мөн үүний хажуугаар нийгэм дээр ажил эрхэлдэг итгэгчиддээ “та Эзэнд үйлчлэхгүй байгаа шүү” гэсэн санааг гүнзгий мэдрүүлээд орхидог байна.
Үүний улмаас нийгэмд ажилладаг итгэгчид маань нийгэм дээр хөдөлмөр эрхэлж байхдаа ч гэсэн би хажуугаар нь цуглаандаа үйлчилж, ажил дээрээ ч Эзэний үнэнийг тунхаглан, хүмүүст гэрэл болж Эзэнд үйлчилж болох юм байна гэдгийг мэдэж чаддаггүй нь илт байдаг. Миний энэ нийгэм дээр хийж байгаа ажил маань ч гэсэн Эзэний захирамжийг биелүүлэх нэг төрлийн талбар бөгөөд хамгийн боломжтой газар гэдгийг нь ойлгоход нь чуулганаас тусалж өгөх нь нэн чухал.
Гэвч би энд итгэгч хүн бүр нийгэм дээр ажиллах ёстой гэж хэлэх гээгүй.
Бид хаана ч амьдарч байлаа, хаана ч ажиллаж байлаа гэсэн Эзэн Бурханд үйлчлэн амьдрах боломжтой юм. Бид Бурханы хаанчлал болон зөвт байдлыг хайж амьдарч л байвал эргэн тойрныхоо үл итгэгч хүмүүст Бурханыг гэрчилж чадна. Тэгсэнээрээ бид Эзэнд үйлчилж буй хамгийн чухал үйлчлэлээ хийж буй нь тэр юм.
Бидний Бурханы ерөөл нь таньд байх болтугай.