Сайн байцгаана уу. Та бүхэнд Монголын эвенгелын эвслийн хуулийн албанаас мэндчилж байна. Бид цаашдаа энэхүү цахим хуудсаар та бүхэнтэй тогтмол уулзаж байх бөгөөд бидний итгэлийн амьдралд тохиолддог аливаа асуудлууд хуулиар хэрхэн зохицуулагдсан байдаг тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэлүүдийг өгч байх юм. Энэ удаад “ Бидний итгэл хуулиар хэрхэн хамгаалагддэг вэ” сэдэвт нийтлэлийг хүргэж байна. Аливаа эрх, эрх чөлөөний тухай заалтууд нь хуулиар баталгаажсан тохиолдолд сая албан ёсны эрх болж төрийн хамгаалалтанд дор иргэн бүр энэхүү эрхийг эдлэх эрхтэй болдог юм. 1992 онд батлагдаж дагаж мөрдөгдөж байгаа Монгол улсын үндсэн хууль бол бидний итгэл бишрэлийн гол хамгаалалт болсон баримт бичиг юм. Үндсэн хуулийн 2-р бүлэг бүхэлдээ хүний эрх, эрх чөлөө нэртэйгээр иргэн хүний эдэлж болох бүхийл эрх эрх чөлөөг тусгасан байдаг бөгөөд бидний итгэх бишрэх эрх чөлөөг доорх байдлаар тусгаж хамгаалжээ. МУҮХ 2-р бүлэг 15,16 зүйлээс: 15 зүйл иргэн бүр “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй” 16 зүйл “итгэл үнэмшилтэй байх… эрх чөлөөтэй. Өөрөөр хэлбэл Монгол улсын иргэн та чөлөөтэй итгэж бишрэх, аливаа шашныг даган бишрэх эрх нь чөлөөтэй нээлттэй гэсэн үг юм. Мөн бидний итгэж бишрэх эрхийг зөрчсөн тохиолдолд доорх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Монгол улсын эрүүгийн хуулинд тусгасан байна. Монгол улсын эрүүгийн хуулиас: 142 дугаар зүйл.Хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчих 142.1.Нийгмийн хэв журам, бусад хүний эрх, эрх чөлөөнд халдахгүйгээр мөргөл үйлдэх, тахил өргөх, хурал хурах зэргээр шашны зан үйл үйлдэх, шашныг сурталчлахад хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эд мөнгөөр татах зэргээр саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 143 дугаар зүйл. Шүтэж байгаа шашнаар нь хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих 143.1.Хүнийг шүтэж байгаа шашнаар нь ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, бусад хэлбэрээр эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Мөн түүнчлэн аливаа шашны харгис номлол сурталчилахыг ч эрүүгийн хуулиар доорх байдлаар хориглодог. 144 дүгээр зүйл.Шашны харгис үзэл номлол сурталчлах, тараах 144.1.Шашны харгис үзэл номлолыг санаатай сурталчилсан буюу тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 144.2.Энэ хэргийг давтан үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 144.3.Насанд хүрээгүй хүнийг шашны харгис үзэл номлолд татан оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хөдөлмөрийн хуулинд ажил олгогч ажилтныг аливаа шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахыг доорх байдлаар хориглодог. Монгол улсын хөдөлмөрийн хуулиас 7 дугаар зүйл. Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглох 7.2. Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно. Мөн төр сүм хийдийн харилцааны тухай хуулиар бидний эрхийг доорх байдлаар хамгаалсан байна. З дугаар зүйл. Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө 1. Аливаа шашныг шүтэх буюу эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг байна. 2. Иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. З. Иргэдийг шашин шүтлэгийн ялгаа болон шашин шүтэх, эс шүтэх байдлаар нь ялгаварлан гадуурхах, доромжлох, хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 4. Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг гагцхүү бусад иргэний мөнхүү эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг тогтон зохицуулж байгаа Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр зохицуулан хэрэгжүүлнэ. 5. Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгахыг хориглоно. Үүнээс гадна олон улсын эрх зүйгээр хүнийг итгэл бишрэл шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахыг хориглож биднийг эрхийг доорх байдлаар хамгаалсан байна. Жишээ нь: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан “”Хүний эрхийн түгээмэл тунхаглалд” энэхүү эрхийг доорх байдлаар заасан байна. 18 дугаар зүйл Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд шашин буюу шүтлэгээ өөрчлөх эрх чөлөө, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөө багтана. Дашрамд дурдахад Монгол улс Нэгдсэн Үндэстний Байгууллагт 1961 онд элссэн бөгөөд, гишүүн орон бүрээс дээрх 30 заалт бүхий тунхаглалыг мөрдлөгө болгохыг шаарддаг ажээ. Бидний эрх ийнхүү үндэсний эрх зүй болон олон улсын эрх зүйгээр хамгаалагддаг байна. Бид цаашдаа эдгээр эрх зүйн акт хууль тогтоомжуудыг тус бүрээр нь албан болон албан бус тайлбартайгаар та бүхэнд хүргэх болно. Хуулийн алба Зохицуулагч Г.Бат-Отгон
Бидний итгэл хуулиар хэрхэн хамгаалагддаг вэ

16
Jan